2016 оны 04-р сарын 24 өдөр
Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.
Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.
Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.
Увс нуур нь давслаг ихтэй (далайн усныхаас хоёр дахь бага, 18.8 ppt) бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас үүдэнэ. Тус нуур нь 10 сараас 5 сар хүртэл хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.[1]
Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүний дотор[2] алтайн сугас (Oreoleuciscus potanini)[3] загас орно.
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…" хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.
Санал хүсэлт