2015 оны 12-р сарын 08 өдөр
Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршидог бөгөөд үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд нэгдүгээр зэрэглэлийн бүсэд ордог. Үлэг гүрвэл хэмээх агуу том амьтны өндөг эндээс анх удаа олдож, өндөглөдөг аварга биетэн амьдарч байжээ гэдгийг хүн төрөлхтөнд анхлан мэдүүлсэн гайхамшигт газар. Тиймээс Монголын төдийгүй дэлхийн палентологийн шинжлэх ухаанд данстай бүс нутаг болжээ. Заг мод ихтэй учраас Баянзаг хэмээн нэрийдсэн байна.
Баянзаг нь Монголын, цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр, олдворуудыг харьцангуй сайнаар хадгалан үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд орших бөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи, палеонтологийн нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал, газар юм.
Иймээс Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд "Баянзаг - Flaming Cliffs" - ийг Монголын 7 гайхамшигт оруулан Дэлхийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, аялал жуулчлалын томоохон түшиц нутаг болгон үеийн үед сурталчлан хамгаалах, аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэх түүхэн цаг үе эдүгээ ирээд байна.
Манайхаас харьцангуй нөөц багатай, олдворынх нь байгаль дахь хадгалалт нь төдийлэн сайн биш Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудад дэлхийд гайхагдсан үлэг гүрвэлийн хүрээлэн, парк байгуулан сая сая жуулчдын урсгалыг бий болгож байгаа нь үлэг гүрвэлийн “амьд” өлгий нутаг Монгол орны хувьд нэн хожимдож байгааг анхаарах цаг нэгэнт болсоныг аль хэдийнээс сануулсаар байгаа юм.
Санал хүсэлт